top of page

Бидний доторх хаос

  • Writer: erkhesmaddox
    erkhesmaddox
  • Sep 7, 2024
  • 3 min read


Зураг: Айри Шеффер (1795-1858) - Судалгаагаа хийж буй Фауст (1831 оны орчим)


Шинэ жилийн эхний өдрөөс өөрийгөө шинэ хүн болсон гэж, эсвэл аяллаасаа эргэн ирэхдээ дотроосоо хувирсан мэт мэдрэмж бидний олонхид төрдөг. Заримдаа ном уншиж дууссаны дараа, эсвэл бодлого бодсоны дараа ч юм уу, гэрээ цэвэрлэсний дараа доторх бүхэн маань ч цэгцэрсэн мэт сэтгэгдэл төрдөг. Харамсалтай нь тийм мэдрэмж, сэтгэгдэл тэр бүр удаан үргэлжилдэггүй билээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө шинэ хүн эмх замбараагүй байдалтай хутгалдаж, ойлгомжгүй, захирахад хэцүү зан авир, итгэл үнэмшилтэй болчихдог тал бий. Хэрвээ ийм зүйл танд тохиолддог бол та ганцаараа биш юм.


Байгаль дээр хаос (chaos) бол энтропийн зарчмын дагуу ямагт оршдог зүйл байдаг. Аливаа цэгцэрсэн систем бүхэн хаос төлөв рүү шилжинэ гэж термодинамикийн хоёрдугаар хууль сургадаг. Байгалийн энэхүү хууль хүмүүний амьдралд, тэр дундаа сэтгэлзүйн болон аж байдлын хувьд ч үнэн байдаг болов уу? Сонирхолтой бодол мөн. Гэхдээ зүгээр сонирхохгүй бид үүнийг өөрсдөдөө ашигтай байдлаар сонирхож, сонжих гэж байгаа юм. Улмаар тухайн үзэгдэлд тохирсон гарц, гаргалгааг олох болно.


Нэг. Сэтгэлзүйн хувьд энтропи байдаг эсэх, хэрэв байдаг гэвээс хэрхэн шийдвэрлэж байх тухайд. Сэтгэлзүйн энтропи хэмээх ойлголтыг цөөнгүй судлаачид дэвшүүлэн тавьдаг[1] ба үүгээрээ хүний сэтгэлзүйн төлөв байдал ч бас термодинамикийн хоёрдугаар хуулинд дурдагддагийн адилаар цэгцэрсэн төлвөөс хаос байдалд тогтвортой тэмүүлнэ гэж тодорхойлдог байна. Зөрчилтэй итгэл үнэмшлүүд, өөрийн “би”-ийн тухай тодорхой бус ойлголтууд, оновчтой гэж үзсэн шийдвэрийг гаргаж чадахгүй байх явдал зэрэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь тус ойлголтын жишээнүүд болдог аж. Гэхдээ энтропи гэх энэхүү үзэгдлийг сэтгэл судлаачид өнөөгийн байдлаар баттай зүйл гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байдаг[2] болохыг ч бас дурдъя. Бидний энд хийх ажил бол хаосыг сэтгэл судлалын шинжлэх ухаан зөвшөөрдөг шалтгаан, эсвэл зөвшөөрдөггүй шалтгаан зэргийг авч үзэх биш. Түүнчлэн сэтгэл судлалын хувьд хаосыг хууль мэтээр ойлгох шаардлага байдаг эсэхийг авч үзэх бүр биш. Түүний оронд бид хэрвээ сэтгэлзүйн хувьд энтропи байдаг гэвэл, үүнийг байдаг гэж үздэг судлаачид нь (i) юунаас болж сэтгэлзүйн энтропи үүсдэг, (ii) түүнийг хэрхэн даван туулж болдог талаар мэдээнүүдийг авч үзэж, өөрийн амьдралд харгалзуулан шалгаж дүгнэх явдал юм. Судлаач Жиа Хаоже, Ван Лей нарын үзэж буйгаар “ямар нэг асуудлыг шийдвэрлэх явцад голлох стратегиуд бүтэлгүйтсэн үед зан үйлийн энтропи ихсэж буй нь судалгаар ажиглагдсан бөгөөд ийм үед тухайн субъектын зан үйлд ердийн бус, тааварлашгүй үзэгдлүүд нэмэгдэхүйцээр ажиглагддаг”[3] ба энэхүү сэтгэлзүйн энтропийг (цаашид СЭ гэх) шийдвэрлэхдээ шинэ стратегийг хэрэгжилтэд оруулах нь гол арга байдаг болохыг тэнд мөн дурджээ. Хаоже, Лей нарын судалгаа нь байгууллагын сэтгэл судлалын хувьд төвлөрөн хийгдсэн судалгаа ба тэдний өгүүллийн гол үр дүн нь СЭ-г хянах идэвхит загвар боловсруулсан явдал байна.

“Илүү дэлгэрүүлэн өгүүлбэл, энтропид суурилсан идэвхит хяналтын загвар маань дараах дөрвөн хэмжээсийн хүрээнд байна: суралцахуйн хандлага /learning orientation/, зорилгот хандлага /goal orientation/, өөрчлөлтөт хандлага /change orientation/ болон эрсдэл гаргалт /risk taking/. Нэгдүгээрт, суралцахуйн хандлагатай хувь хүмүүс бол шинэ мэдлэгийг авч, мэдээлэл солилцооны үйлдлийг эрчимтэй гүйцэтгэдэг учир замхрах систем гэж авч үзнэ. Суралцахуйн гол мөн чанар нь үйлдлийг чиглүүлэхэд байдаг[4]. Иймд энэ тохиолдолд өндөр түвшний зорилгот хандлага нэн чухал болж ирдэг болно. Өндөр түвшний зорилгот хандлага нь тухайн хүмүүс олж авсан мэдээллийн сангаа идэвхитэйгээр ангилан зохион байгуулах, ашиглан хэрэглэх боломжтой болгож өгч байдгаараа танин мэдэхүйн тайлбарлахуйн үйл ажиллагааг идэвхижүүлж өгдөг. Энэхүү процессийн үед зорилго нь тухайн хувь хүний зан үйлийг урам зоригжуулах үүрэг гүйцэтгэнэ” (Haozhe & Lei, 2014) гэжээ. Цаашлаад өөрчлөлтөт хандлага нь тэрхүү урам зоригоор дүүрсэн, мэдээллээ эмхлэн цэгцлэгч хувь хүнийг дасан зохицох, удирдан зохицуулах, тохируулга хийх зэрэгт нь тус болно гэж. Эцсийн бүлэгт эрсдэл гаргалт болбоос яалт ч байхгүй үүсчихдэг эмхзамхгүй байдалтай зоригтойгоор нүүр тулах явдал болоод энэхүү СЭ-г хянах идэвхит загварыг хэсэгчлэн юм уу бүхэлд нь давтах хүчийг өгнө гэж тус хоёр судлаач үзжээ.

Тэгэхээр тэдний хувьд СЭ байдаг гэх талыг баримталдаг нь тодорхой байх агаад, үнэхээр тийм бол тэдний боловсруулсан СЭ-г хянах идэвхит загвар нь ч бас авууштай, амьдралд хэрэглүүлштэй загвар аж.


Хоёр. Хувийн амьдралдаа болж буй энтропийг шийдвэрлэх тухайд. Энэ анализ бичвэрийн хоёрдугаар хэсэгт СЭ байдаг эсэх дээр бид өөрсдийн байр суурийг тогтоохоос өөр замгүй боллоо. Хувь хүмүүсийн амьдралын түүхийн гашуун, бэрхшээлтэй хэсгүүдийг нөхөн санаж үзвэл бид индуктив бодомжийн дагуу СЭ үнэхээр оршин байдаг хэмээх байр суурийг баримталж болж байна. Чухам яагаад вэ гэдгийг үзүүлэх гэж жишээ нь хэн нэгний амьдралын тэдгээр үеүдийг тоочин бичиж цаг алдаад яах вэ. Чухал нь одоо бид хувь хүмүүст тулгардаг энэхүү дотоод энтропигийн гарал үүсэл нь янз бүр байдлаар, ямартай ч зайлшгүй л гарч ирээд байдаг нь үнэн бол, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуулт бидний урд үлдэж таарч байна. Нэгдүгээр хэсгийн цуглуулсан мэдээллийг тус асуултад харгалзан сийрүүлвэл дараах зураглал бий болж байна.


Гурав. Дүгнэлт. Тэгэхээр хүмүүний амьдралд физик утгаараа энтропи оршдогийн адилаар сэтгэлзүйн талбар дээр ч энтропи оршин байдаг нь үнэн байна (бидний энд тохиролцсоноор шүү дээ). Тэрхүү сэтгэлзүйн эмхзамхгүй байдлыг бид мэдлэгтэй, зорилготой, дасан зохицох чадвартай, эр зоригтой байж (эдгээрийн нэгийг ч гээлгүйгээр) гэмээнэ гатлан туулах ёстой аж.


[1] Hirsh J.B., Mar R.A., Peterson J.B. Psychological entropy: A framework for understanding uncertainty-related anxiety. Psychol. Rev. 2012;119:304.

[4] The essence of learning lies in guiding action – Сайхан үг байгаа биз!

 
 
 

Comments


  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

©2024 by Erkhes-Erdenebaatar. Proudly created with Wix.com

bottom of page